2012/12/04

Шинэ зүрх өгүүллэг

Шинэ зүрх нь түүнийг эдгээсэн ч шөнө бүр хүчтэй цохилж, бүсгүйг нойрноос нь сэрээдэг байлаа. Яг л цээжнээсээ мултрах гэж байгаа мэт дотроо байж ядна. Бүсгүй юу болоод байгааг ойлгохгүй эгчдээ энэ байдлаа хэлсэн боловч "Хагалгаа мэдээж амар биш шүү дээ. Удахгүй зүгээр болно." гэж тайвшруулав. Хэдэн сар өнгөрсөн боловч юу ч өөрчлөгдсөнгүй. Бүсгүй цэцэрлэгт ургах цэцэгсийг өдөр бүр харж, тэдэнтэй найзтайгаа ярьж байгаа мэт ярьж бас уйлдаг байлаа. Тэнд ургах цэцгэн дундаас час улаан сарнайд хамгаас илүү хайртай байлаа. Тэр улаан сарнай түүний сэтгэл зүрхэнд чухал орон зайг эзэлдэг байв. Сарнай ч бүсгүйтэй хамт уйлж, хамт инээнэ. Яагаад ч юм хайртай хүн нь ирвэл энэ сарнайг бэлэглэнэ гэж бодно. Үргэлжлэл бий.......................
Өөр хэнд ч өгмөөргүй санагдана. Нэгэн өдөр хонх дуугарч бүсгүй хаалгаа нээн харвал хэн ч байсангүй. Харин нэг дугтуй байхыг олж харав. Зүрх нь тэсэхийн аргагүй хүчтэй цохилж эхлэв. Юу болоод байгааг ойлгох сөхөө байсангүй. Дугтуйн дээр ямар ч нэр, хаяг алга байлаа. Зүрх нь улам хүчтэй цохиллоо. Захианд нэг л танил үнэр шингэсэн байх нь тэр. Тиймээ, түүний үнэр. Олон жил санаж, хажууд нь байхын төлөө амиа ч өгч чадах байсан хайртынх нь үнэр байлаа. Толгой нь эргээд арай л уначихсангүй. Буйдан дээрээ суугаад захиаг нээж, гар нь чичрэн байж уншлаа. "Хайрт минь, чамаас салснаас хойш нэг зүрхэнд хоёр хайр багтахгүй гэдгийг ухаарч чамаас өөр хэн нэгнийх хайрлах нь байтугай харж ч явсангүй. Өдөр бүр хэцүү өнгөрдөг байсан. Учир нь чамайгаа маш ихээр санаж үгүйлдэг байсан. Чамдаа зориулж маш олон шүлэг бичсэн. Шөнө бүр чинийхээ дэргэд байхыг хүсч, чамайгаа бодсоор үүр цайлгадаг байсан. Харин нэг өдөр энэ бүхнийг өөрчлөх боломж олдсон. Одоо л хийхгүй бол өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй юм шиг санагдсан. Тэгээд чамаас маш хол явахаар шийдсэн. Чамайг мартаж чадна гэж найдсандаа тэр шүү дээ. Гэвч миний найдаж байсан шиг болсонгүй. Чамайгаа өмнөхөөсөө ч илүү санах болсон. Чамайгаа харах гэж шөнө болгон ирдэг. Шөнө болгон чамайгаа харж хайрлан, унтаж байхад чинь хацар дээр чинь үнсдэг. Заримдаа чи минь сэрээд намайг ирсэнийг мэдсэн юм шиг нойрмог нүдээрээ харчихаад эргээд гүн нойрондоо автдаг. Маргааш чи бид хоёрын танилцсаны зургаан жилийн ой. Өнгөрсөн хугацаанд би үргэлж чам дээрээ ирдэг байсан. Маргааш чи минь над дээр ирээрэй. Аан тийм, чамдаа өгсөн зүрхийг минь сайн харж байгаарай. Нулимсаараа чинийхээ нэрийг зүрхэндээ сийлсэн юм шүү. Чамайг өөрөөсөө илүү хайрладаг хайр зүрхэнд чинь байгаа. Бас тэр улаан сарнайг байнга харж байгаарай. Чамдаа маш их хайртай. Хажууд минь ирэн иртэл хүлээх болно.

No comments:

Post a Comment